Эрдэнэт хотын үерийн ус зайлуулах суваг шуудууг нэмж өргөтгөх шаардлагатай

   Сүүлийн өдрүүдэд манай орны ихэнх нутгаар түр зуурын бороо элбэгтэй байгаа. Тэгвэл өчигдөр Орхон аймгийн Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл нараар ахлуулсан мэргэжилтнүүд болон Орхон аймгийн Онцгой байдлын газрын байцаагч нар гэр хорооллын үерийн ус залуулах суваг, далангийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. 
    Ялангуяа Их залуу багт 2016 оны хөрөнгө оруулалтаар хийгдсэн үерийн ус зайлуулах суваг ус, гүүрэн гарцын ган хоолойн деаметр бага, зарим иргэд хашаагаа зөвшөөрөлгүй сунгаж сувагчлалыг хаасан, иргэд суваг шуудуунд хогоо хаядгаас болж ширүүн борооны үед ус нэвтрүүлэх чадвар муу байгаа тул зарим нэгэн суваг шуудууг өргөтгөх, засаж сэргээх, дур мэдэн хашаагаа сунгасан айлуудын хашааг татуулах зэрэг арга хэмжээг авч ажиллахаар боллоо. 
    Цаашид Эрдэнэт хотын үерийн ус зайлуулах суваг шуудууг нэмж өргөтгөх шаардлагатай байгаа аж. Орхон аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороо орохыг иргэдэд сэрэмжлүүлж байна.