Мэндчилгээ

Эрхэм  хүндэт    Жаргалантчууд аа. 

    1978 онд БНМАУ-ын  Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 15 дугаар зарлигаар Эрдэнэт хотын харьяанд хороо байгуулж, “ Жаргалант” гэж нэрлэсэн бөгөөд  1994 онд  одоогийн Орхон аймгийн   Жаргалант сум болон зохион байгуулагдсанаас хойш Жаргалантчуудын түүхийн хуудас нэгэнтээ 40 удаа эргэж өнөөдөр түүхт 40 жилийн ой тохиож байна.  ХХ  зууны   манлай бүтээн байгуулалт   Эрдэнэт хотын Улаантолгойн сангийн аж ахуйн үргэлжлэл, Жаргалант хороо,  Жаргалант сумын иргэд олон нийт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга түүний Тамгын газрын  хамт олон та бүхэндээ   түүхт 40 жилийн  ойн  баярын  халуун мэндийг   өргөн дэвшүүлье.
     Анх байгуулагдах үедээ 1040 хүн амтай байсан бол 2017 оны жилийн эцсийн байдлаар Жаргалант сум 3838 хүн амтай болж, хүн амын тоо 3.7 дахин өссөн бөгөөд  Монгол улсынхаа хэмжээнд дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн төв суурин газар болж, хүн амыг төмс хүнсний ногоогоор хангах, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр голлон ажиллаж, улс эх орон, Орхон аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж ирснийг   баярын энэ өдрүүдэд  бахархан  тэмдэглэхэд таатай байна.
     Эх орон, орон нутгийнхаа хөгжил  дэвшилд  жинтэй хувь нэмэр оруулан  үр дүнтэй хөдөлмөрлөж  яваа  Жаргалантчууддаа Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо  нийт иргэдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
     Эрдэнэт хотын Улаантолгойн сангийн аж ахуй,  Жаргалант хороо, одоогийн Орхон аймгийн Жаргалант сумын хөгжил, дэвшлийн   40 жилийн  түүхийг бичилцсэн   тус сумын иргэд, үе үеийн удирдлагууд ажилтан, мэргэжилтнүүд болон   тэдгээрийн гэр бүлд  эрүүл энх, аз жаргал,  ажлын амжилт бүтээлийн дээдийг   хүсэн  ерөөе. 
    Орхон аймаг, Эрдэнэт хот, Жаргалант сумын хөгжил дэвшлийн төлөө хамтдаа  ажиллацгаая. 
 

 
        ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД 
        ЭРДЭНЭТ ХОТЫН ЗАХИРАГЧ                          Д. БАТЛУТ