Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна

   Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр тохиож байна. Анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр “болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн. Харин манай улсад 1991 оноос хойш тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 
         2017 он бол манай аймгийн Эрүүл мэндийн салбарын хувьд томоохон ахиц дэвшил гарсан жил болж өнгөрсөн. Тухайлбал, “Элэгний вирусгүй Эрдэнэт” аяны хүрээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх үзлэг улсын дундажаас хэд дахин дээгүүр байж, 300 шахам хүнийг хавдарын анхан шатанд нь оношилж эмчилж чадсан, “Омбол” эм ханган нийлүүлэх байгууллагатай хамтран 200 иргэнд элэгний вирусын эсрэг “Хепсинат лп” эмийг үнэ төлбөргүй олгосноор эрүүлжүүлэх зэрэг дорвитой ажлууд хийгдсэн. Үүний үр дүнд олон иргэдийн амь насыг аварсан. Орхон аймгийн эрүүл мэндийн салбар өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээрээ улсад 2 дугаар байрт жагсаж байна. 
       Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан 2017 онд эрхэлсэн ажилдаа амжилт гарган, эхийн эндэгдэлгүй ажилласан төрөх тасгийн хамт олонд 2 сая, нярайн эндэгдлийг 4 дахин бууруулж ажилласан нярайн тасгийн хамт олонд 1 сая төгрөгийн шагналыг Орхон аймгийн Засаг дарга өнөөдөр тус тасгийн хамт олонд ажлын байран дээр нь очиж гардуулан өгч эмч нартаа цаашдын ажилд нь амжилт хүслээ.   
Түүнчлэн аймгийн ЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эмч эмнэлгийн ажилтнуудад төрийн дээд одон медаль болон аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналуудыг Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Эрүүл мэндийн газрын дарга удирдлагууд гардуулан өгөх ёслол болж өнгөрлөө.
      Мөн эмч нарын өдрийг угтаж эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан бөгөөд Медипас эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн эмч нарын “Бага тунт КТ шинжилгээгээр уушигны архаг бөглөрөлт өвчний хэлбэрүүдийг тогтоосон дүн” сэдэвт илтгэл тэргүүн байр, “Мэндцэцэн” ӨЭМТ-ийн эмч Т.Энхтуяа, Т.Болормаа нарын “Хүүхдийн түнхний үеийн дутуу хөгжилд хийсэн судалгаа” илтгэл дэд байр, Медипас эмнэлгийн Гастроэнтрелоги, дурангийн тасгийн эмч нарын “Ходоодны хорт хавдрын тохиолдлуудад дүн шинжилгээ хийсэн нь” сэдэвт илтгэл гуравдугаар байрт шалгарсан бөгөөд дээрхи эмч нарт шагналыг нь гардуулан өглөө.