"Эрдэнэт үйлдвэрлэл" дэд хөтөлбөр батлагдлаа

    Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай, Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай, Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай, Намын бүлгийн талаарх мэдээлэл гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ. 
    Хуралдааны эхэнд “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Уг дэд хөтөлбөрийн танилцуулгыг АЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал танилцуулсан. Түүний илтгэлд дурдсанаар Орхон аймгийн хэмжээнд 2175 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 134 нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч байна. Мөн Баян-Өндөр суманд 492 өрх үйлдвэрлэл эрхэлдэг.
    “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр нь 9 бүлэгтэй. 2018-2021 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилготой.
   Хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа, мэдээллийн санг бий болгох, Өрхийн  үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгийн  хүртээмж, үр ашгийг жил бүр нэмэгдүүлэх, Бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлж, нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалтад орж тогтвортой үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих зэрэг ажлууд хийгдэнэ. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд үйлдвэрлэл технологийн цогцолбор бий болж жилд  2-оос доошгүй үйлдвэрийг бий болгоно. Түүнээс гадна үйлдвэрлэл эрхлэгчид олгогдож байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж өсч, зээлийн хүртээмжийн талаарх  сэтгэл ханамж болон хамрагдагсдын одоогийн түвшингээс 10-20 хувь  нэмэгдэнэ гэж тооцож байна. 
Ийнхүү АИТХ-ын хуралдаанаар дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцэж төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.