Шүлхийн голомтын бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна

   Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багт 2-р сарын 15-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж Эрүүл мэндийн газарт өгөгдсөн үүргийн дагуу ажлын хэсэг томилон бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээ болон халдвар ариутгалын чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал голомтын бүсэд ажиллах эмч, сувилагч, жолооч нарыг томилж голомтын болон сэжигтэй бүсийн хүн амын судлагааг гаргаж үзлэг, тандалтыг зохион байгууллаа. Голомтын бүсэд нийт 168 өрхийн 851 хүн, сэжигтэй бүсэд 492 өрхийн 1493 хүн амьдарч байгаа бөгөөд үүнээс нийт 77 хүнд эрүүл мэндийн үзлэг хийсэн байна.

 Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн амин чухал эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт 84.8%-тай байгаа бөгөөд голомтын бүсэд явуулын эмийн сангаар үйлчилж байна. ЭМГ-ын гамшиг болон Олон улсын дүрмээр зохицуулагдах хөл хориот өвчний үед хэрэглэх нөөцөөс нийт 23 ширхэг гар ариутгах санитол, нэг удаагийн хамгаалах хувцас 20 ширхэг, нэг удаагийн маск 100 ширхэгийг тус тус 6 постын 24 хүний 3 хоногийн хэрэгцээнд зориулан ХХААГазарт хүлээлгэн өглөө.

   Мөн Орхон эм ханган нийлүүлэх байгууллагаас нийт 14 хоногийн хэрэгцээнд зориулан гар ариутгах 500 ширхэг санитолыг ОБГазарт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн шүлхий өвчнөөс сэргийлэх болон халдвар хамгааллын дэглэмийн зааварчилгаа гарын авлагыг хэвлүүлэн голомтын бүсэд амьдарч байгаа иргэдэд хүргүүллээ. Цаашид эмнэлэгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, голомтын бүс болон сэжигтэй бүсийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэдээ тайланг өдөр бүр авч нэгтгэн ОБГ-т хүргүүлж байх, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл болон ариутгал халдваргүйтгэлийн бодисоор тасралтгүй хангах, голомтын бүсэд байгаа эмч, сувилагч, жолооч, иргэдийн хөдөлгөөнийг чанд хориглох, зэрэг ажлуудыг төлөвлөөд байна.