Аймгийн 2019 оны төсвийг 11 дүгээр сарын 30-нд батлана

  Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Энэ удаагийн хуралдаан аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд явагдаж хэлтэс, агентлагын дарга нар оролцож байсан. 
Хуралдаанаар 4 асуудал хэлэлцэж 3 тогтоол батлахаар болсон байна. 

1.    Хуралдаан зарлах тухай

   Хуулийн дагуу аймгийн төсвийг жил бүрийн 12 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө батлах ёстой. Энэхүү хуулийн хугацаанд багтааж 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдааныг зарлахаар тов гаргасан боловч аймгийн Засаг дарга Д.Батлут 11 дүгээр сарын 30-нд болгож өөрчлөх санал гаргасныг Тэргүүлэгчид санал нэгтэйгээр зөвшөөрч тогтоол батлахаар боллоо.
Аймгийн ИТХ-ын Ээлжит XII хуралдаанаар 
1. Аймгийн 2018 оны төсвийн зарим зардлын нэршил өөрчлөх тухай
2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлбатлах тухай
3. Аймгийн 2019 оны төсөвбатлах тухай
4. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, 2019 онд баримтлах чиглэл батлах тухай
5. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйлажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн тухай
6. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2018 онд хийсэн ажлын тайланг хэлэлцэнэ. 

2.    Нэгдсэн хяналт шалгалтын дүнгийн талаар

   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор аймгийн хэмжээнд засаг захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудаас хурлын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийгхангаж буй байдалд нэгдсэн хяналт шалгалт хийх удирдамжийг баталж 10 дугаар сарын 09-28-ны өдрүүдэд нийт 23 байгууллага дээр ажилласан байна. Дээрх хяналт шалгалт 4 чиглэлээр хийгдсэн бөгөөд тус бүрт үнэлгээ өгч байр эзлүүлсэн байна. 
Эхний 3 байрт Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба орсон байна. 
Хяналт шалгалтын дүнг хэлэлцэж цаашид авах арга хэмжээ, анхаарах асуудлуудын жагсаалтыг байгууллагуудад хүргүүлэхээр болсон. 
Тэргүүлэгчдээс тогтоол шийдвэрийн биелэлтийг тооцох нэгдсэн стандарт боловсруулж мөрдөх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж тогтоол батлахдаа нэмж тусгахаар болсон байна. 

3.    Шагналд тодорхойлох тухай

   Хурлын байгууллагаас төрийн одон медальд мэдүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтыг аймгийн ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболд танилцууллаа. Нийт 20 иргэн материалаа ирүүлснээс Гавъяат -2, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон -3, Алтан гадас одон-4, Хөдөлмөрийн хүндэт медаль 11 байна. Тэргүүлэгчдээс асуулт хариулт явагдсны эцэст эдгээр иргэдийг шагнуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоол гаргахыг санал нэгтэй зөвшөөрлөө.

4.    “Хөх монгол” цогцолбор ОНӨААТҮГ-ын төлөөлөн удирдах

зөвлөлийг шинэчлэн батлах тухай 

   “Хөх монгол” цогцолборын төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аймгийн ИТХ-ын хуулийн зөвлөх, хүний нөөц П.Одгэрэл ажлаас гарсан тул Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэг болсон бол удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын ахлах ажилтан Б.Золоог томилж байгаа юм байна.