Х.Дулмаа "Байшин маань танигдахын аргагүй өөрчлөгдсөний дээр маш тухтай болсон"

   Аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар Эрдэнэт хотод “Ахмадуудад туслах аян” 2 дахь жилдээ өрнөлөө. Тэрээр сар шинийн баярыг тохиолдуулан нэг сарын цалингаа ахмад настан нэг хүнд олгосон. Мөн тусламж дэмжлэг нэн шаардлагатай нэг ахмадын байшинг бүрэн засварлах ажлыг хувийн хэвшилтэй хамтран зохион байгууллаа. Тодруулбал, Уг ажилд хамрагдсан Баянцагаан багийн иргэн, өндөр настан Х.Дулмаа нь хоёр ач хүүгийн хамт амьдардаг. Тэд багахан хэмжээний тэтгэвэр болон, хүнсний талоноор амьдрал ахуйгаа залгуулдаг байжээ. Мөн байшин нь дулаалгагүй зуных байсан юм. Тиймээс аймгийн Засаг дарга санаачилга гарган түүнийг нь “Төмөр бетон хийц” ХХК дэмжин засварын ажлыг 3 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Байшингийн засварын ажил явагдсан өдрүүдэд Х.Дулмаа гуай хоёр ачийн хамт "Эрдэнэт" зочид буудалд байрлаж байсан юм.

   Өнөөдөр /2018.2.15/ Х.Дулмаа засварласан байшиндаа орсон юм. Тэрээр байшин нь танигдахын аргагүй өөрчлөгдсөний дээр маш тухтай болсон байгааг хэлж байлаа. Өөрийн санаачилгаар гэр бүлд нь тус хүргэсэн Засаг дарга Д.Батлут болон дэмжиж оролцсон байгууллагуудад маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн. Уг ажил нь өөрт нь болоод ач хүү нарт нь урам өгсөн бодит дэм боллоо гэсэн юм.
    Мөн энэ гэр бүлийн бүх гишүүдийг бүрэн хувцаслаж, цагаан сарын баяраа тэмдэглэхэд шаардлагатай хэвийн боов, бууз зэргийг олгожээ. Уг ажилд “Орда” ХХК дэмжин оролцсон байна.
   Дашрамд дурдахад, Аймгийн Засаг даргын санаачилсан хотод “Ахмадуудад туслах аян”-д АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Цэргийн штаб, Хот тохижуулах газар зэрэг олон байгууллага нэгджээ.