Аймгийн Засаг дарга Д.Батлут төрийн байгууллагуудтай 2018 оны үр дүнгийн гэрээ байгууллаа

   Засаг дарга өнгөрсөн онд байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж 23 агентлаг, 2 сумын Засаг дарга, орон нутгийн өмчит үйлдвэрийн 9 газрын дарга нартай нэг бүрчлэн уулзаж санал солилцсон.
   Энэ оны гэрээг байгуулахдаа холбогдох байгууллагуудын саналыг тусгасан юм. Уг гэрээ нь Засаг даргын сайдуутай байгуулсан гэрээ, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, үндэсний болон дэд хөтөлбөрүүдтэй уялдаж байгаа нь онцлог. Үр дүнгийн гэрээтэй хамт хариуцлагын гэрээг байгуулж биелэлтийг жилийн эцэст дүгнэдэг уламжлалтай.
   Гэрээ байгуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ 2018 онд төрийн байгууллагууд хууль тогтоомжийг чанд сахиж,  Засгийн газрын болон Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, үндсэн чиглэлд тусгагдсан арга хэмжээнүүдийг бүрэн дүүрэн биелүүлж, хэрэгжилтийг хангах, ард иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх, төсөв санхүүгийн зөрчилгүй ажиллах хэрэгтэйг сануулсан.