Сэтгэлд мөнхөрсөн Сүхбаатар Жанжин буюу дархлагдсан дүрийн эзэн Ц.Дашнамжил

  1921 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн буюу олон нийтэд алдаршснаар Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Ардын журамт цэргийн жанжин асан Дамдины Сүхбаатарыг ардын хувьсгалыг үндэслэгч, удирдагч гэж тодруулсных нь хувьд олон арван кино жүжигт дүрийг нь янз бүрийн жүжигчдээр төлөөлүүлэн мөнхөлсөн байдаг. Гэхдээ үүнээс цааш байхгүй гэтэл, өөр хүн Д.Сүхбаатарын дүрд тогловол амьд ахуй, буй хүний өмнөөс өөр нэгэн “би” гээд явж байгаа мэт сэтгэгдэл үлдтэл бүтээсэн жүжигчин цор ганц юм.

  Их жанжны тухай анхны киног дэлхийн дайны дундуур хийхдээ орос хүнээр Сүхбаатарын дүрийг бүтээлгэсэн нь эдүгээ үзэгчдийн сэтгэлд хамгийн хол их жанжны төрх болон үлджээ. Мэдээж яаж ч бодсон нэгэн үеийн Монголчуудын бахархал, Монгол хүүхэд залуусын үлгэр дуурайлал болсон гайхамшигт хүнийг өөр үндэсний хүнээр амьдруулна гэдэг нэг л сэтгэлд бууж өгөмгүй явдал юм. Энэ кинотой холбоотой, олонд дэлгэрээгүй хоёр дурсамж бий. Тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын нэрт жүжигчин Д.Сүхбаатарын дүрд орохын тулд тун ч их хөдөлмөр гаргажээ. Харамсалтай нь нэг л зүйлийг Монгол хүн шиг хийж тун ч барахгүй байж. Тэр нь монгол гутал өмсөөд малч удмын халх эр шиг чөлөөтэй алхах юм. Яаж ч оролдоод түүнийг монгол гуталтай алхуулж дөнгөсөнгүй, иймээс орлон тоглогч ашиглахаар болсон байна. Ийнхүү дэлгэцний анхны Д.Сүхбаатар “хромтой” мэндэлсэн түүхтэй. Дараагийн дурдатгал гэвэл Сүхбаатар гамин цэрэгтэй морин дээрээс буудалцан зугтдаг хэсэгт гамин цэрэгт тоглож буй Монголчууд мориноосоо үнэмшилтэй “үхэж” унаж өгөхгүй байж. Олон дахин оролдсон боловч ямар ч үр дүн гарсангүй. Жүжигчид ч залхаж, түвэгшээх янзтай болоод иржээ. Тэрхэн мөчид зураг авалтын багийнханд нэгэн мэргэн санаа орж ирсэн байна. Энэ нь “шилэн порт” чийчааныг буюу суудлын “форд” машиныг алсуур ажиглаж байгаа мэт явуулах байлаа. Чийчаанд өрлөг жанжин Х.Чойбалсан яваа, киноны үйл явцыг сонирхож байна гэх Монгол жүжигчдэд итгүүлэв. Ингээд зураг авалт эхэлжээ. Өрлөг жанжин өөрийн журмын нөхрийнхөө тухай “сүүдэр ший”-ний зураг авалтыг үзэхээр ирж гэж бодсон Монголчууд “мотор” гэж дохио өгөхөөс өмнө амь биеэ үл хайрлан хамгийн хэцүү үхлийн уналтыг хийж эхэлсэн гэдэг. Оросын кино баг өрлөг жанжин Х.Чойбалсан ард түмнийхээ дунд ямар их нөлөөтэйг ийн мэдрээд ам амандаа шагшиж байжээ. Анхны их жанжин Сүхбаатарын тухай кино иймэрхүү содон явдлын дунд мэндэлсэн байна. Энэ киноноос хойш олон монгол Сүх жанжин дэлгэцнээ амилсан ч одоо өгүүлэн буй жүжигчин шиг түүний дүрийг товойн гаргасан нь нэгээхэн ч үгүй ээ.

  Их жанжин Д.Сүхбаатарын дүрийг үзэгчдийн сэтгэлд үүнээс цааш яагаад ч байхгүй гэтэл бүтээж мөнхөлсөн тэр хүн бол БНМАУ-ын гавьяат жүжигчин Ц.Дашнамжил билээ. Суут жанжин Д.Сүхбаатарын дүрийг уйгагүй хайж, янз бүрийн жүжигчдийг сорьж үзэж асан тэр цаг дор дуурийн дуучин залуу алтан үеийн кино найруулагчдийн нүдэнд өртжээ. Ц.Дашнамжилын намтарын товчооныг сөхвөөс тэрээр 1944 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малчин ардын хүү болон мэндэлсэн байна. Бага насаа аав ээжийн гар дээр, малын захад Монгол ахуйн аргалын утаатай алсын ухаан нуугисан орчинд үдэж, сумынхаа бага сургуульд оржээ. Улмаар аймгийнхаа дунд сургуульд дэвшин суралцаж дүүргээд Улсын багшийн дээд сургуульд элссэн байна. Энэ сургуулиасаа гадна Болгар улсад дуурийн дуулаачийн сургуулийг төгсөж, 1968 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт дуулаачаар 30 гаруй жил ажиллахдаа дэлхийн сонгодог болон Монголынхоо олон дуурьт оролцон тоглож, дуу хоолойгоороо зон олондоо сэтгэлийн цэнгэл эдлүүлжээ. Түүнийг анх кино пробонд оруулсан түүх мөн л сонин дурдатгалтай. Жанжны дүрийг бүтээх жүжигчдийг Ардын хувьсгалын партизанууд буюу Д.Сүхбаатарыг амьд ахуй цагт нь харж, нөхөрлөж, тушаалаар нь мөр зэрэгцэн тулалдаж явсан журамт цэргүүдээр нь шинжүүлдэг, дүрээ бүтээхэд нь заавар зөвөлгөө өгүүлдэг байж. Их жанжны бодит дүрийг амилуулахад ямар их анхаарал, ажил хөдөлмөр, санаа зүтгэл тавьж байсны нэгээхэн жишээ нь энэ. Уг заншилын дагуу Ц.Дашнамжилыг пробонд оруулах тэрхүү байранд ардын хувьсгалын цөөнгүй партизанууд хүрэлцэн ирээд байжээ. Түүнийг жанжны цэрэг хувцсыг өмсөөд пробондоо орохоор орж ирэхэд ардын хувьсгалын партизануудын нүд сэртхийн томорч санд мэнд босч зогсцгоосон байна. Ахмад партизанууд үнэхээр сандарчээ. Яг л Д.Сүхбаатар жанжин өөрийн биеэр ороод ирэх шиг болсон гэж хожим тэдгээр ахмадууд дурсан өгүүлсэн байдаг. Партизануудад яах аргагүй Д.Сүхбаатар жанжин нь амьд ахуйгаараа байгаа мэт адилхан харагдаад байсан гэдэг.

  Ц.Дашнамжил асан жанжины дүрийг бүтээхийн тулд жүжиг, киноныхоо зохиолчийн өгүүлэх гэсэн санаа зорилго, өөрийн болон бусад дүрүүдийн онцлог төрх, ааш шинж байдал зэргийг тухайн үеийн нийгмийн амьдралтай нягт холбон судлахаас гадна хувьсгалт тэмцлийн партизанууд, Д.Сүхбаатар жанжны хүү С.Галсан, жанжны ах дүү, төрөл төрөгсөд, нутгийнх нь хүмүүстэй уулзаж, зөвөлгөөг нь сонсож дүрээ олонд итгэгдэхээр тод сайхан амьдруулдаг байв. Мөн киноны багш мэргэжилтэнүүдийн заавраар дүрийнхээ хөдөлгөөн, дуу хоолой зэргийг нарийн төлөвлөн дасгал дадлагыг чармайн хийж, дүр бүтээдэг бус дүрд бүрэн орж, амьдарч чаддаг ховорхон жүжигчин байлаа. Тэрбээр “Өглөө” , “Тэмцэл” /2 анги/, “Тунгалаг тамир”, “Ичээнд нь”, “Намрын халуун өдрүүд”, “Солонгийн таван өнгө” зэрэг уран сайхны кино, “Мартагдашгүй 42 хоног” дуурь, “Арын албаныхан” теле кино, “Үүрийн шаргал туяа” жүжигт Д.Сүхбаатар жанжны дүрийг эх орондоо хайртай, элгэн олондоо сэтгэлтэй, авьяас билэг, оюун ухаан, эр зориг нь тэгширсэн улс төрийн зүтгэлтэн байснаар нь дахин давтагдашгүй, давагдашгүйгээр бүтээсэн байдаг.

  Их жанжны дүрийг ийн бүтээсэн нь түүнийг энэ дүрээр нь дархлах шалтгаан болжээ. Ц.Дашнамжил Монголын кино урлагт зөвхөн суут жанжин Д.Сүхбаатарын дүрээр мөнхөрсөн юм.