ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛНЭ ҮҮ

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор олныг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гарч, цаашид ч нэмэгдэх хандлагатай байна.
 

Манай улсад сүүлийн 5 жилийн дунджаар эхний 6 сарын байдлаар хоолны хордлогот халдварын 127 тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн амд 0.4 промилл байсан бол 2018 оны эхний 6 сарын байдлаар 297 тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн амд 0.8 тохиолодол болж өвчлөл 2 дахин ихэссэн байна. 
Орхон аймгийн хэмжээнд эхний 6 сарын байдлаар 62 тохиолдол бүртгэгдэж 10.000 хүн амд  6 тохиолдол болж өвчлөл 3.4 дахин ихэслээ. 
     ДЭМБ-аас хийсэн судалгаагаар жил бүр 220 сая хүүхэд суулгалт өвчинд өртөж, 96 000 нь нас бардаг. Манай улсад урин дулааны улиралд гэдэсний халдварт өвчин дэгдэж, уг өвчнөөр 0-4 насны хүүхдүүд илүүтэй өвчилж байна. 
      Гэдэсний халдварт өвчин халуурах, бөөлжих, цустай, залхагтай шингэнээр олон удаа суулгах, гэдэс базлах, хий дүлүүлэх шинж тэмдгээр илэрдэг. Бага насны хүүхдийг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд болон хүүхдийг асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Үүнд: 
1.    Бага насны хүүхэд халуурсан, бөөлжсөн, шингэнээр суулгасан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандах
2.    Эхийн сүү нь суулгалт халдвар болон бусад халдвараас хамгаалах, хүүхдийн дархлааг дэмждэг тул нярай хүүхдээ хөхүүлж байх
3.    Бага насны хүүхдийг тусдаа аяга, халбага, угжтай байлгах.Тэдгээрийг халуун бүлээн усаар сайтар угааж, цэвэр хадгалах
4.    Хүүхдийн хоол тэжээлийг бэлтгэх, хүүхдээ хооллохын өмнө гараа сайтар савандаж угаах, хүүхдийн хоол, тэжээлийг бэлтгэх орчноо байнга цэвэр байлгах,
5.    Хүүхдийг бие зассаны дараа гар угаах зөв дадал хэвшилд сургах
6.    Шууд хэрэглэх жимс, хүнсний ногоог халуун бүлээн цэвэр усаар сайтар угааж хэрэглэх, хүүхдэд түүхий ус уулгахгүй байх
7.    Ил задгай, зөвшөөрөгдөөгүй цэгээс баталгаагүй хүнсний бүтээгдхүүнийг худалдан авч хэрэглэхгүй байх
8.    Эцэг, эхчүүд, хүүхэд асран хамгаалагчид бие зассаны дараа, бохирдсон тухай бүр нь гараа тогтмол угааж хэвших
9.    Хүүхдийн тоглоомыг савантай халуун, бүлээн усаар угааж, цэвэр газар хадгалах
10 .Гэр орондоо гадуур өмсдөг гуталтай явахгүй байх шаардлагатайг анхаарна уу. 
 

ОРХОН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР