Хөх толботон танаа” Баатар хилчин Л.Даваадорж

2015-07-13 00:00 Уншсан тоо: 566
Үнэлгээ өгөх
(0 санал)

   “...-Тулалдааны талбар хилчдийн хэрхэн тулалдсаныг тун тодорхой харуулж байсан юм. Даваадорж, Тэгшээ, Гиваан нар хойт өндөрлөгт хориглож, бусад нөхдөө халхлахын тулд дайсны анхаарлыг татаж, галыг нь өөрсдөдөө дуудсан байдаг. Гоминданы хил зөрчигчид хүнд хөнгөн пулемётоос гадна миномёттой байсан юм билээ. Тиймээс галын давуу байдал, хүний олон, газрын бартааг ашиглаж, гурван хилчинг бүслэн олзлохоор санаархсан бололтой. Хилчид үнэхээр нэгийгээ үзсэн нь тулалдааны талбараас харагдаж байсан. Манай гурван хилчин угаасаа эрийн хувьд эр шиг, цэргийн хувьд цэрэг шиг байлдагчид байсан юм даа. Дайсандаа үлэмж хохирол учруулж чадсан байсан юм шүү. Сум, грантаа дуусч, хүний олонд ааглуулах мөчид тэр гурав буугаа дайсны гарт өгөхгүйн тулд хад саван эвдэж, бичиг баримтаа устгасан байдаг. Тэгээд Даваадорж хавтгай чулуу элгэн дороо тавьж, нөгөө хоёрынхоо дунд хэвтээд дайснууд бүчиж ирэх үед сүүлийн ганц грантаа дэлбэлж, үхэхдээ ч өстнөөрөө дэр хийсэн байлаа...” Монгол улсын гурван баатрын талаар хамт алба хааж байсан заставын анд нь ахмад дайчин болсон хойноо ийн дурсжээ.

  Домогт хилчин Лхүнрэвийн Даваадорж...Хөвсгөл аймгийн Бүрэн сум /одоогийн Төмөрбулаг сум/ харьяат эгэл цэрэг түүний оролцсон сүүлчийн тулалдаан энэ байв. Гоминданы 140 орчим цэрэг тухайн үед хилийн харуулыг дайрч устгах, амь хэл олзолж хилийн маргаантай бүс дэх Монгол улсын хил хамгаалах хүчний талаар мэдээлэл цуглуулах үүрэг бүхий байсан нь хожим ил болсон юм. Гэвч тэд ийм санаархал бүртээ эрэлхэг зоригтнуудтай тулж, бусдын нутаг руу сарвайсан бузар савраа тухай бүртээ тас цохиулж байлаа...

   Дэлгэрмөрөний хөвөөнд эмнэг адуу чихдэж, морин дэл дээр исгэрч эр бие тэнийсэн Даваадорж угаас хүдэр чийрэг, авхаалж самбаатай залуу байсныг нутгийнхан нь дурсдаг. Энэ зоригт хилчний хөшөөг 1968 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төв талбайд босгож, саяхныг хүртэл түүний алдраар тус талбайг нэрлэж байжээ...Эх орныхоо алхам газрын төлөө амь биеэ зориулсан дайчдын чин хүсэл энэ орны эрх чөлөө, тусгаар тогтнол байсан юм. Тэдний дархлан үлдээсэн бүхнийг өлмий дороо гишгэж, ясыг нь өндөлзүүлэн үгүйсгэгчид дайсны суман дор грант элгэн дороо тэврээд хэвтэж чадах эсэхээ төсөөлөөд үзэхэд илүүдэхгүй болов уу...

        Л.Срона. 2014.08.30

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.