Модунь Шаньюй ...”-Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг”

2015-07-09 00:00 Уншсан тоо: 1451
Үнэлгээ өгөх
(0 санал)

"Хөх толботон танаа" цуврал...

  ...Хөх тэнгэрийн оронд анхны их гүрнийг үндэслэгч Модунь шаньюй Монгол омогтон, хөх толботон бүгдэд ийн хатуу зарлиг буулгажээ. Хурдан хүлэг, хайрт хатнаа Дунху нарын түрэмгий хүсэлтэд найр тавин бэлэглэчихээд эсэргэлцэн тэмцэхийг зөвлөсөн өрлөг жанжид, сайд түшмэдүүддээ “-Хөрш улсаасаа морь, хатан төдийг харамлаад хэрхэн найрсаж чадна” гэж асан Модунь шаньюй хоёр улсын хилийн заагт буй хэсэгхэн элстэй газрыг нэхсэн Дунху элчийн үгийг сонсуут ган илдээ сугалсан гэдэг. Тийн дайны тугаа өргөсөн тэрбээр хүмүүний өчүүхэн ахуй орчлоос эх нутаг, газар шороо ямагт үнэтэй гэдгийг дархлан зарлигласан нь энэ. Үнэхээр ч элэг бүрэн ураг, энх бүтэн газар шороо буй цагт гоо хатад, армаг хүлэг, аугаа нэр, аз жаргал хаа мундах...Түүний эцэг Түмэн шаньюйгийн хэтэрхий хулчгар зөөлөн байдал, харийн сүрэнд дарагдсан аядуу сул бодлогоос болж Хүннү нар газар нутгаа алдахад хүрч байв. “-Иншань нурууг алдсаны дараа Хүннү нар түүний хажуугаар өнгөрөхдөө нулимс унагахгүй байж чадахгүй болжээ”... Үүнийг эрэмгий, зоримог Модунь үл тэсч “-Төрийг дээдлэхэд төрлийг тэвч” хэмээн эцэг Түмэнгийнхээ зүрхэнд өдөт сум зоосон гэдэг. Үхээд үжрэх алд бие зуурдынх, өнөд цэнхэртэх уул ус мөнхийнх гэдгийг Модунь яс махыг нь оршоосон эцэг рүүгээ сум тавьж, амин ургийн хэлхээг цусаар угаан тунхаглажээ.  

   Газар нутаг, тусгаар оршилоосоо бусдыг үл хайрлах чанд хатуу Модуны үед Хүннү гүрэн хүчирхэгжиж, Хятадын Хань улсаар алба бариулж байв. Модунь шаньюйгаас хойш ч Хүннү гүрэн Хятадаас 50 жил алба авсан түүхэн баримт бий. Хань улсын Ди хаан Хүннү нарыг сөнөөхөөр 40 жилийн дайн өдөөгөөд эцэст нь өөрийн улсаа доройтуулсан түүхтэй. Хүннү нарын хятадад үл дарагддагийн нууц болон хэрхэн дарж болох аргыг хятадын Хань улсын гүнжийг дагаж Монгол газарт ирсэн Юэ даамал гэгч соргог ажсан байна Тэр: ...”-Хүннү нарын тоо хятадын нэг мужтай ч зүйрлэх аргагүй цөөн. Гэхдээ тэд хятадаас хамааралгүй, өвөрмөц ёс заншил, тусгаар байдлаа чанд сахисан хязгаар бүхий тул илүү хүчирхэг ажаам. Хэрвээ тэдний энэ дадсан бүхнийг өөрчилж, мөн хятад эд өлгөсийг таалдаг болговол хятадууд бараа таваарынхаа аравны нэгийг ирүүлэхэд л Хүннү хүн бүр Хань улсын эрхшээлд мэс барилгүй орно” гэж бичиглэж байжээ. Чухам ийм аюулт дайсан хаяа самрахыг үргэлжид санаархаж байгаагийн учир Модунь шаньюй “-Газар шороо бол төр улсын үндэс” хэмээн цаазалж, тусгаар байдлаа үеийн үед мөнхлөхийг хүссэн биз ээ...

  Тусгаар оршихын төлөөнөө эцэг үрийн холбоог ч огоорсон их хааны шарил өдгөө ч голомт нутагтаа нойрсон буй. Гэвч...үндсээ самарсан төр, төрөө самарсан үрсээ үзээд, аугаа зарлигаа шивнэн, шившин өндөлзөж байж ч мэдэх. Хаадын нутаг дээр “Төрлийг дээдлэхэд төрийг тэвчдэг” хахир цаг нэгэнт иржээ...

9 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.