Ардын Хатанбаатар Магсаржав "Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүр Монгол төрийн туган дор надтай хамт жагсах цэрэг..."

2014-07-14 00:00 Уншсан тоо: 1237
Үнэлгээ өгөх
(1 санал)

“Хөх толботон танаа” “...

   -Миний цэрэг гэр гэртээ байгаа. Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүр Монгол төрийн туган дор надтай хамт жагсах цэрэг...” гэж азийн морин дивизийн командлагч Барон Унгерний өөдөөс ам бардам, омог төгөлдөр хэлж асан хүн бол Ардын Хатанбаатар Магсаржав юм. Гамингийн шоронгоос сулласныхаа дараа Унгерн Хатанбаатараас “-Чиний цэрэг хаачив?” гэж ёжлон асуусны хариуд тэрбээр ийн өчжээ. Үнэхээр ч Хатанбаатар ван цэрэггүйдэж гамингийн шоронд ороогүй билээ. Хатанбаатарыг хаа яваа газар нь ард олон хүрээлж, үг дуугүй цэрэгт нь элсэн, ямар ч эргэлзээгүйгээр үхлийн тулаанд ордог байсан нь бодит үнэн. Иймээс ч Барон Унгерн “...-Цэргээ цуглуул, сарын хугацаа өгье. Хичнээн цэрэг хуралдуулж чадах вэ” гэхэд “1000 цэрэг” гэчихээд гэрээсээ гаралгүй суучихсан гэдэг. Түүнийг танадаж, харгалзаж байх үүрэгтэй харуулын даргаас Унгерн өдөр бүр юу хийж байгааг нь лавладаг байжээ. Гэвч түүн дээр нэг хүн ирж уулзснаас өөрөөр гадаад ертөнцтэй харилцаагүй гэнэ. Бухимдаж уурласан Барон Унгерн товлосон хугацаандаа ширүүхэн очжээ. Магсаржав ван цэргийн бүрэн хувцсаа өмсөж, зэр зэвсгээ зүүчихсэн хүлээж байсан бөгөөд Монгол цэрэг дээр очихыг урьсан байна. Тэдний хамтдаа очсон газар яах аргагүй Монгол цэрэг жигдрэн жагссан байсан гэдэг. Нэг хүнээр дамжуулан нийт цэргээ ийнхүү цуглуулж, засч чадсан нь дэлхийн дайнаас эхлээд элдвийг үзэж туулсан хашир генералыг ч алмайруулжээ.

   Бароны цэрэг оргож урвахад цаг ямагт бэлэн байхад Хатанбаатарын дайчин эрс өөрсдөө хуран цуглаж, жанжиныхаа тушаалаар хэний ч эсрэг тулалдахад бэлэн байсныг эх нутаг, төр улсынхаа төлөө цохилох зүрхтэй нь холбож ойлгохоос өөр аргагүй. Үнэхээр ч Хатанбаатар Магсаржав Монголын төлөө цохилох зүрх бүрийг хэрэгтэй зүгт нь чиглүүлж чаддаг суут удирдагч байсан юм. Тэрээр Монголын төр Манжаас салж, тусгаар тогтнолоо зарласны дараа бууж өгөхөөс татгалзсан Улиастайн амбанг МанлайбаатарДамдинсүрэнгийн хамт дайлан дарж, Хатанбаатар цол хүртсэн түүхтэй. Мөн өвөр Монголыг чөлөөлөх таван замын байлдаанд шалгарч Богд хаанаас “шар жолоо”-гоор шагнуулж байжээ. Ардын төрд хүчээ өгч, Зөвлөлт Орос улсын байлдааны гавьяаны улаан тугийн одон, ардын засгаас Монгол улсын анхны “Ардын баатар” цолоор шагнуулж байсан ялгуулсан намтар ч түүнийх билээ. Хатанбаатар Магсаржав амьдралынхаа туршид их бага 30 гаруй тулалдаанд орохдоо нэг ч удаа ялагдах бүү хэл бачимдаж үзээгүй гэдэг...

   Монгол хүн гэж буй цагт Монголын төлөө цохилох зүрхтэн төрсөөр байгаа нь мэдээж. Харин тэдгээрийг чиглүүлэх ёстой удирдагчдын зүрх нь тэднийхээ эгнээнд жагсах эрхгүй байгаад л өнөөгийн төрийн эмгэнэл оршоод байх шиг...

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.