Эсрэг дүрийн мастер, давтагдашгүй Дамчаа агсан

2014-09-16 00:00 Уншсан тоо: 2179
Үнэлгээ өгөх
(0 санал)

...Дорнын тэнгэрт утаа манараад

   Довтлох салхин улам ширүүснэ ээ

   Эрийн ёсоор тангарагаа баталж

   Эрэлхэг дайчдын цуваа хөвөрнө...

...Жолоогоо чирсэн цэрэг эмээлтэй морь давхина. Эх орноо өмгөөлөн босоод эцсийн амьсгалаа хүлгийнхээ нуруун дээр татсан цэрэг эрийн унаа...Халхын голын дайн...Халх голын дайн зөвхөн Халх голын дайн байгаагүй, хайртан бүгдээс дайснаас өмгөөлсөн хамаг ардын дайн байсныг зүрхэнд зурсан дууны аялгуу хөвөрнө.

...Аранзал тугийн намираанд ороход

   Амраг чи минь зүрхнээ оршино

   Алтан үсэгтэй захиа бүр чинь

  Анхны учралыг тодхон сануулна...

...Атаат дайсанд атга шороогоо ч өгөхгүй гэж андгай тавиад атаканд орох гэж байгаа цэрэг эрийн сэтгэлд өөр чухам юу тодрох билээ. Амраг хань, алаг хонгор үр, аав ээж, аги үнэртсэн тал нутаг нь...Тэр бүхнийг тэрсүүд дайснаас хамгаалан тулах эрэмгий зориг, амраг бүсгүйнх нь ариун хайрын захидлын гэрэлт мөрүүдтэй тодрох нь гарцаагүй. Юутай яруу дүрслэл, ямар гайхалтай сайхан хоолой билээ...Энэ гайхамшигтай төсөөллийг Монголын үе үеийн үзэгчдэд хүргэж, эх орноо хамгаалан тулалдсан цэрэг эрсийн халуун сэтгэлийн зураглал, цохилох зүрхний хэмнэлийг энэ биеэрээ мэдрэх алтан боломжийг түгээсэн хүн бол яах аргагүй Банзарын Дамчаа агсан билээ. Түүний дахин давтагдашгүй дуу хоолойгоор амилсан “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны дуу одоо ч эх орончдын халуун зүрхний дуудлага болон дуурсаар байнам. Тиймээ тэрээр Монголын алтан үеийн кино урлагт мөнх гялалзах од билээ. Эсрэг дүр хүчгүй бол ямар ч аугаа баатрын дүр инээдмийн гараа болж хувирах нь энүүхэнд. Ядарсан чавганц шиг дайсантай тэмцэлддэг баатар байх уу.

   Нэгэн үе Оросын үлгэрийн болон түүхэн кино эсрэг дүрээ инээдтэй алиа салбадай, юу ч чаддаггүй салбагар болгон харуулж байснаар хүчирхэг Иваны дүр хүүхдийн сэтгэлд ч хүрэхээ байчихсан юмдаг. Бидний үеийнхэн яг тийм орос киног үзэж өссөн. Ясан хэдрэг, шуламс, түүхэн киноны татар Монголын дорой арчаагүй төрх ялгуулсан орос баатраа амилуулах бус үхүүлээд байдаг юм. Арга ч үгүй биз. Том хүн хүүхэд зодоод явбал түүнийг хэн баатар гэх юм бэ. Хүчтэнг ялж байж хүчтэн болдог, хөөрхийг өшиглөвөл хүчтэн бус дээрэлхүү болж үзэгддэг нь ерөөсөө энэ хорвоогийн жам ёс. Монголын уран сайхны кинонуудын эерэг талын баатар хүчтэй, идтэй, үнэхээрийн товойж харагддаг нь сөрөг дүрийн баатрын гайхалтай чадвар, жүжиглэлттэй шууд холбоотой. “Үер” киноны Болд, Михайл хоёрын эгэл атлаа зорьсондоо нугаршгүй дүр, “Мандухай цэцэн хатан” киноны Мандухай хатан, Өнөболд ван, Батмөнх даян хаан, Баянмөнх жононгийн түүхэн тэмцэлт дүрүүдийг ивэн дээшлүүлж, илүү тод гялалцуулсан хүн бол бас л яахын аргагүй Б.Дамчаа агсан. Түүний бүтээсэн Молом зангийн дүр байгаагүй бол, түүний амилуулсан Исмэл сайдын роль үгүй сэн бол “Үер”, “Мандухай цэцэн хатан” өдий дайтай амилахад хэцүү байсан нь мэдээж.

   Дүр бүтээх гэдэг угаасаа харилцагч жүжигчдийн өгөлт авалт дээр төвлөрч, тухайн киноны үйл явдлыг босгодог. Болд өвгөний “-Моломоо чи үхвэл таарна даа” гэдэг зүхэл ямар ч хиймэл, хийсвэр зүйлгүй чин сэтгэлийнх байдгыг сонссон бүгд мэдэрдэг. Ингэж зүхүүлтэлээ үйл явдлын ээдрээ, зангилааг гаргаж чадна гэдэг үнэхээрийн ур чадвар. “Үер”-ийн Молом занги Б.Дамчаа агсаны уран сайхны кинонд бүтээсэн анхны дүр гээд бодохоор тэр аргагүй л эсрэг дүрийн мастер байжээ. “Үер” кино анх дэлгэцнээ гарахад үзэгчдийн суудалд байсан эхнэр нь киноны дараа ханиасаа жийрхэж, дөлөөд байж. Арга нь барагдсан Б.Дамчаа агсан:”-Үгүй би чинь Молом биш шүү дээ” гэснээр энэ байдал инээдээр задарч, эргээд хэвийн амьдралдаа орсон тухай дурсамж эдүгээ үлджээ.

   “Зарлаагүй дайны оршил” киноны Ясуко хурандаа, “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны японы тагнуулын албаны дарга, “Сахиус уу, сахиул уу” киноны тагнуулч үсчингийн дүрийг бүтээгээд хүүхдүүдэд чулуугаар шидүүлж явсан бол “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл сайдын дүрд тоглоод гэрийнхээ хаалгийг шатаалгаж байсан гэдэг. Дүрдээ ингэж уусдаг, зон олны сэтгэлд яг киноны дүрээрээ нэвтэрдэг ийм жүжигчин Монголд дахиад төрөхгүй л болов уу.

  Энэ авьяасын цуглуулга болсон ховор хүн 1932 онд тухайн үеийн Ховд аймгийн Жаргалант Сагсай сум, одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг Бөөрөг нэртэй газар мэндэлжээ. Нутагтаа дунд сургууль төгссөн түүний анхны эзэмшсэн мэргэжил нягтлан бодогч, дараагийн сонгосон мэргэжил нь төмөр замын машинист байв. Баян-Өлгий аймгийн 1-р сургуулийн нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлж асан Б.Дамчаа 1954 оноос төмөр замын машинистаар ажиллаж байхдаа анх авьяасаа нээсэн байна. Тэгээд 1959 оноос Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багшаар ажиллаж эхэлсэн нь тайз дэлгэцний урлагтай амьдралаа холбох эхний гараа нь байсан гэдэг.

   1968 онд Монгол кино үйлдвэрийн босгыг алхан орсноор Монголын кино урлагтай мөнхийн сэжмээр холбогдсон түүхтэй. Тэрээр 1966 онд “Үер” киноны Молом занги, 1968 онд “Өглөө” киноны Хачиг Луузан, 1970 онд “Хүргэн хүү” киноны Хайдав баян, 1971 онд “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны тагнуулын албаны япон хурандаа, 1972 онд “Ичээнд нь” киноны хятад зөвлөх Тянь Жан, 1974 онд “Хөдөөгийн баясгалан” киноны аав, эрдэмтэн Рагчаа, 1981 онд “Хатанбаатар” киноны хувьсгалч Жав, 1983 онд “Сахиус уу, сахиул уу” киноны тагнуулч үсчин хятад, 1984 онд “Зарлаагүй дайны оршил” киноны Ясуко хурандаа, 1985 онд “Би чамд хайртай” киноны Жигмэд багш, 1988 онд “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл сайд, 2009 онд “Боолын гэрээ” киноны УИХ-ын гишүүн, мөн ондоо “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангид тус тус тоглож Монголын кино урлагт дахин давтагдшгүй дүрүүдээ үлдээжээ. Мөн 400 гаруй Монгол болон орчуулгийн кинонд дуу оруулж, дүрүүдийг нь өөрийн гайхамшигт хоолойгоороо амилуулсан байна.

  Б.Дамчаа агсан зөвхөн жүжигчин, дуу оруулагч байгаад зогсохгүй чамгүй сайн найруулагч байсныг түүний найруулан дэлгэцнээ тавьсан кино бүтээлүүд илтгэдэг. Кино урлагт 40 гаруй жил зүтгэсэн эсрэг дүрийн мастер-аргил хоолойны эзэнг 1985 онд МУГЖ цолоор, 2007 онд Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнасан байна. Тэрбээр улсын филармоны 400-аад тоглолтод оролцож, “Цэнгэлтэй үдэш”, “Эх орон” дууг дуулж явсан авьяаслаг дуучин байв.

  ...Өссөн нутгийн алхам ч газрыг

     Өстөн дайсанд алдах учиргүй

    Эхийн хайр, янагийн харцыг

   Энхийн нарнаас салгах ёсгүй...

  Кино урлагийн дайчин цэргийн дуун хүлэг өдгөө цулбуураа чирэн цаг хугацааны дайдад янцгаан алсарсан ч түүний гэгээн дүр цэнхэр дэлгэцээр өнө мөнхөд амьдарч, аргил хоолой нь үе үеийн Монголчуудад эх орноо хайрлахыг дуулан сургасаар байх нь гарцаагүй билээ...

         Л.Срона  2014.09.16

9 сэтгэгдэл

  • Roxy 2014-09-17 11:15 Бичсэн: Roxy

    Srona Damchaa agsanii unench fan n baix, sain bichje

  • fan 2014-09-16 14:27 Бичсэн: fan

    Aguu Aguu

  • TUYA 2014-09-16 09:56 Бичсэн: TUYA

    DUULSAN GANTS 2 DUU NI HURTEL YAMAR AGUU GEEJ

  • 1213 2014-09-16 09:04 Бичсэн: 1213

    Аргагүй л алтан авъяастай хүн дээ. Дахин төрөхгүй гэдэг ч үнэн шүү. Сүүлийн үеийн кино,жүжиглэлт,найруулга,зураглалт гээд авах ч юм алга аа алга.Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажна гэдэг шиг хошин шог л хамаагүй дээр санагддаг шүү.Ядахдаа инээд бэлэглэдэг юм даа.

  • Зочин 2014-09-16 06:43 Бичсэн: Зочин

    Жинхэнэ урлагийн мастер хүн шүү. Баян-Өлгийчүүдийн төдийгүй Монголын бахархал мөн болой.

  • 09-16 2014-09-16 06:43 Бичсэн: 09-16

    ene auguu hund bishren sugdnum

  • Ц 2014-09-16 06:28 Бичсэн: Ц

    МУНДАГ ЭР ХҮН БАЙСАН ШҮҮ

  • ЗОЧИН 2014-09-16 06:10 Бичсэн: ЗОЧИН

    АГУУ ХҮН

  • ЗОЧИН 2014-09-16 06:10 Бичсэн: ЗОЧИН

    АГУУ ХҮН

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.