“Ирээдүйн төлөө хамтдаа-2” аян 6 сарын турш амжилттай хэрэгжиж өндөрлөлөө

2018-03-28 00:00 Уншсан тоо: 169
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Орхон аймгийн ИТХ, Нийгмийн хөгжлийн хороо орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өрхийн гишүүдийн хэрэгцээнд нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэн мэдлэг чадварыг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх зорилгоор Аймгийн ИТХ-ын нэрэмжит “Ирээдүйн төлөө хамтдаа - 2” аяныг 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 03 сарыг хүртэл зохион явууллаа.
 Энэхүү аян Баян-Өндөр сумын 21 баг, Жаргалант сумын 3 баг бүрээс 2 өрх буюу өөрсдийн амьдралаа дээшлүүлэх чин хүсэлтэй, 24-40 насны 2-4 хүүхэдтэй, тодорхой орлоготой, сурсан мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх чадвартай зэрэг тодорхой шалгуурт тохирсон 52 өрхийг сонгон нийт 249 иргэнд сургалтын хөтөлбөр боловсруулан сургалт зохион байгуулах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэн, хуримтлал бий болгох, бизнесийн арга ухаанд сургах, гэр бүлийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд сургах зэрэг өрх, өрхийн гишүүдэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүллээ.
  
Тус аяныг Насан туршийн боловсролын төвийн санаачилгаар аймгийн ЗДТГ, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Баян-Өндөр сум, Жаргалант сум, БСУГ, Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монгол банк, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг 11 байгууллага хамтран зохион байгууллаа. 

  “Ирээдүйн төлөө хамтдаа-2” аяны хаалтын ажиллагаа өнөөдөр /2018.03.28/ Хүүхдийн ордны их танхимд болж өнгөрлөө. Уг аяны хаалтын ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Батбаяр, Төлөөлөгч Б.Мөнхдалай, Т.Чинзориг, Х.Оюун-Эрдэнэ нар оролцож аяны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцсон Тэргүүний өрх, баг, өрхийн ЭМТ, нийгмийн ажилтануудад шагнал гардууллаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.