Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2018-03-28 00:00 Уншсан тоо: 96
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 05 дугаар хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Аймгийн хэмжээнд 2018 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө батлах тухай, “Багийн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, Шагналд тодорхойлох тухай, “Алдарт эхийн одон”-гоор тодорхойлох тухай, Сүм хийдийн хугацаа сунгах, нэр өөрчлөх тухай, Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. 
  Аймгийн хэмжээнд 2018 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг аймгийн ОБГ-ын дарга Г.Ганбаатар танилцууллаа. Аймгийн хэмжээнд 2017 онд ой хээрийн түймэр гараагүй, хил залгаа сумдуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн 5 түймэрт ажилласан байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн үүрэг хариуцлага чухал ба шашны зан үйлүүдтэй холбоотойгоор ой хээрийн түймэр гарч болзошгүй байгаа талаар мэдээлэлдээ дурьдсан юм.
   “Багийн хөгжлийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын талаар аймгийн ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд танилцуулсан. Хөтөлбөрийн хүрээнд багуудын хаягжилт, тохижилт үйлчилгээг сайжруулах, багийн хөгжлийг дэмжих сургалтуудыг явуулах, баг бүрийг хөгжлийн хөтөлбөртэй болгох зэрэг олон ажлуудыг хийжээ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс уг дэд хөтөлбөрийн хүрээнд Малчин багийг шинээр байгуулах асуудлын талаар асуулт асууж, санал хэлсэн юм. Уг асуудлаар 1380 иргэнээс санал авсан байгаа ба 2017 оны 09 дүгээр сард сумын ИТХ-аар тус асуудлыг хэлэлцээд дэмжсэн хэмээн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл хариулсан юм. 
   Мөн шагналд тодорхойлох тухай, “Алдарт эхийн одон”-гоор тодорхойлох тухай, сүм хийдийн хугацаа сунгах, нэр өөрчлөх тухай, Иргэний зөвлөлийн зарим гишүүдийг томилох тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.