ҮЕРИЙН ДАЛАН БАРИХ ХӨРӨНГИЙН АСУУДЛЫГ ДАХИН СУДАЛЖ БАЙНА

2018-03-20 00:00 Уншсан тоо: 155
Үнэлгээ өгөх
(0 санал)

Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Энэ үеэр “Хотын үерийн хамгаалалт, далан сувгийн зураг төсөл, шаардлагатай хөрөнгийн хэмжээг дахин судлах, үүний дараа хийх ажлыг БНСУ-аас авах зээлээр хийх боломжийг судалж байна” гэж аймгийн Засаг дарга Д.Батлут хэллээ.

 

Орхон аймаг 2015 онд нийт 44.6 км үерийн хамгаалалтын далан барих зураг төслийг боловсруулж үүнийг хэрэгжүүлэхэд 22.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн саналыг Засгийн газар, ОБЕГ-т удаа дараа  хүргүүлж байсан ч санхүүжилт байхгүйн улмаас ажил хэрэг болж чадаагүй юм. Иймд аймгийн Засаг дарга Д.Батлут БНСУ-аас Орхон аймгийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд авах гэж буй зээлийг үерийн хамгаалалтын далан барихад зарцуулж болох эсэх талаар судалж байгаа ажээ. Одоогоор хэдий хэмжээний мөнгийг ямар хугацаатай зээлэх талаар мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.

 

Орхон аймаг  нь жил бүр шар ус болон хур цасны үер, гэнэтийн аадар борооны улмаас багагүй гамшигт өртдөг. Үүнд хөрөнгө, мөнгө ч их зарцуулдаг. Жишээ нь өнгөрсөн зуны хоёр удаагийн аадар борооны улмаас үүссэн эвдрэл, гэмтлийг сэргээн засварлахад нэг тэрбум орчим  төгрөг зарцуулсан байдаг. Харин одоо үүсээд буй хур цасны үерт 11 багийн 182 айл үерт автах нөхцөл үүсч, 122 гудамж шавар, шалбаагаар дүүрээд байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд үерт автсан 30 айлын асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд хэдий  хэмжээний хөрөнгө зарцуулсан нь одоогоор тогтоох боломжгүй байгаа гэнэ. Цаашид аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн даланг яаралтай байгуулахгүй бол энэ мэт эрсдэл улам ихэснэ гэдгийг холбогдох албаныхан ч анхааруулсаар байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.