30 ОРЧИМ АЙЛ УСАНД АВТЖЭЭ

2018-03-14 00:00 Уншсан тоо: 161
Үнэлгээ өгөх
(0 санал)

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор цас хайлж аймгийн хэмжээнд хэд хэдэн байршилд их хэмжээний ус хураад байна. Иймд аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал холбогдох байгууллагуудын удирдлагуудтай хуралдаж, үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Өнөөдрийн байдлаар Эрдэнэ, Яргуйт, Ихзалуу, Яргуйт, Уртынгол  багийн нутаг дэвсгэрт хур цасны шар ус түрж ороод байна. Үүний улмаас 30 орчим айлын хашаа, гэр, байшин, эд хөрөнгө усанд автаад байна. Тиймээс аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум зэрэг байгууллагууд хамтран айлууд эд хогшлыг нүүлгэн шилжүүлэх, гэр, байшингаас усыг шавхах зэрэг тусламжийг үзүүлж байна. Мөн эдгээр байгууллагууд хамтран  4 км үерийн сувгийг цэвэрлэжээ. Усанд автсан айлуудын тодорхой хувь нь зөвшөөрөлгүй газарт буусан байгааг мэргэжлийн байгууллагууд онцлон хэллээ.

 

 

 

Үүсээд байгаа нөхцөл байдал цаашид ч хүндэрч болзошгүй. Учир нь өнөөдөр ялимгүй цас орох бол маргаашаас цаг агаар нэмэх градуст орох юм. Одоогийн байдлаар хотын хэмжээнд орсон нийт цасны дөнгөж гуравны нэг нь хайлаад байна гэж аймгийн ОБГ-ын дарга хэлсэн. Тиймээс цаг агаар дулаарахад хотруу түрж орж ирэх шар усны хэмжээ улам нэмэгдэх хандлагатай байгаа юм.

 

 

 

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал уг ажилд Эрдэнэт үйлдвэрээс техникийн тусламж авах, далан , шуудуу, гудамжинд асгах хайрга, дайрга, шороо бэлдэх, авто замын нөхцөл байдал сайнгүй байгаа тул Хот тохижуулах газар цас цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг үүргийг өглөө.

 

 

 

Өнгөрсөн 2017 онд орон нутгийн төсвийн 532 сая төгрөгийн хөрөнгөөр Шанд, Даваат багт нийт 320м, Говил  багт 682м үерийн далан шинээр барьж ашиглалтад оруулсан юм. Мөн Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрт байрлах 66,8 км үерийн усны далан суваг, байгалийн жалга судгийн хог хаягдлыг цэвэрлэх, авто машин болон  явган хүний гарцын хэсэгт  бөглөрсөн хоолойг нээх болон 7км суваг шинээр татах, хуучин  5км сувгийг сэргээх ажлыг хийж  гүйцэтгээд байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.