Шар усны аюул жил бүр асуудал тарьсаар байх нь

2018-03-20 00:00 Уншсан тоо: 753
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Урь орж, дулаарч байгаагаас цас хайлж, шар усны үер Орхон аймагт түгшүүр төрүүлээд байна. Гоц халдварт шүлхий өвчний улмаас ажлын ачаалал нь эрс нэмэгдсэн аймгийн холбогдох албад одоо дахиад л шар усны үертэй хүчээ үзэхээр гэр хорооллын багуудад ажиллаж байгаа. Өнөөгийн нөхцөл байдлаар гэр хорооллын 123 гудамж, 98 айл усанд автсан, 176 айл усанд автах эрсдэлтэй байгааг Баян-Өндөр сумаас танилцууллаа. Аймгийн Онцгой байдлын газар, Баян-Өндөр сум, аймгийн холбогдох газар, байгууллагууд бүхий л хүчин чадлаараа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр цаг наргүй хичнээн ажиллаж байна. Усны урсац, нам дор газар газар олголт хийсэн, мөн зөвшөөрөлгүй хашаа хатган газар эзэмшсэн зэрэг сөрөг үзэгдлүүдээс болж Орхон аймаг жил жилийн хавар шар усны үерийн аюултай нүүр тулдаг болоод байгаа нь гашуун ч гэлээ үнэн. Мөн иргэдийн өөрсдийнх нь хайхрамжгүй байдал, аливаа эрсдэлд хариуцлага хүлээдэггүй, өөрсдөөсөө үүргээ холдуулдаг нь өөрийнх нь болоод өрөөлийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулдаг тохиолдол байсаар байна.

   Хашаа руу нь ус орох нь тодорхой нөхцөл байхад шуудуу татдаггүй, асуудал үүсэнгүүт Онцгой байдлын ажилтнуудад лаахайддаг, суваг шуудуу татах зай талбайг хашаалдаг, хашаагаа буулгуулахгүй гэж эрх ярьдаг, бүр гараж руугаа машинаа оруулахын тулд үерийн усны сувгийг хайргаар бөглөж, индүүдсэн тохиолдол гарчээ. Иргэдийн хэнэггүй, бусдын төлөө амьдарч байгаа мэт байдлаас салахгүйгээр Орхон аймаг жилийн жилд, хаврын хаварт шар усын үерийн асуудалтайгаа, шавар намаг дундаа хөвсөөр байх нь гарцаагүй. Шар усны үер зөвхөн шавар намаг тариад зогсдоггүй, ундны усны эх үүсвэрийг бохирдуулдаг, жорлон болон хогийн цэгийн бохирыг тарааж, халдварт өвчин ч дэлгэрүүлэх аюултайг анхаарч, оршин суугч, эрүүл аюулгүй орчинд амьдрахын төлөө өөрсдийн хичээл зүтгэлээ нэмэрлэх цаг болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.