ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГТ ЭРДЭНЭТЭД ЮУ БОЛОВ?

2018-02-27 00:00 Уншсан тоо: 677
Үнэлгээ өгөх
(0 санал)

  САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ОРХОН АЙМАГТ 9 ХҮҮ, 9 ОХИН МЭНДЭЛЖЭЭ

/2-р сарын 19/

 

  Орхон аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн хуралдав. Энэ нь XVII жарны “шороон нохой” жилийн анхны хуралдаан гэдгээрээ онцлогтой юм.  Зөвлөгөөний үеэр дараах мэдээллийг танилцууллаа. 

 

 Сар шинийн баярын өдрүүдээр БОЭТ-өөр 230 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж, Хүлээн авах тасгаар 262 хүн ирж үйлчлүүлснээс 27 нь хэвтэн эмчлүүлжээ. Ахуйн ослын улмаас гэмтэж түлэгдсэн 50 орчим хүн эмчлүүлсэн бол авто ослын улмаас эмнэлгийн тусламж авсан 7, согтуугаар ирж үйлчлүүлсэн 15 хүн байна. Халдварт менингококкт өвчний улмаас нэг хүүхэд ирж хэвтэн эмчлүүлж одоогоор бие нь сайжирч байгаа аж. 

 

 Манай аймагт Сар шинийн баярын өдрүүдэд 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлж, бүгд эсэн мэнд бойжиж байна. Сар шинийн баярын өмнөх өдөр буюу битүүний өдөр Орхон аймгийн Жаргалант сум Улаантолгой багийн иргэн  А-ийн үхэрт шүлхий өвчин гарснаар тус суманд 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

 

 


 

ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ҮЕД ШУУРХАЙ АЖИЛЛАВ
/2-р сарын 19/

 

  Жаргалант суманд хээрийн штаб байгуулан ажиллаж байгаагаас гадна өндөр даралтын уураар ариутгах ариутгалын цэг байгуулж, 7 пост байгуулснаас гадна хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна. Өвчилсөн үхэрийг устгах, голомтын бүсэд буй 81 өрхийн 1540 гаруй толгой малыг вакцинжуулах ажил хийгдэж дуусчээ.  Жаргалант суманд хөл хорио тогтоосон тул сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийг хэрхэн талаар БСШУСЯ-тай ярилцаж буй аж. Харин Эрдэнэт хот буюу Баян-Өндөр суманд 4000 орчим үхэр байдаг бөгөөд тэдгээрийг ч мөн шинжилгээнд хамруулах, вакцинжуулах ажил хийгдэж байна.

 

 Мөн эрүүл мэнпийн байгууллагууд  голомтын бүсэд ажиллах эмч, сувилагч, жолооч нарыг томилж голомтын болон сэжигтэй бүсийн хүн амын судлагааг гаргаж үзлэг, тандалтыг зохион байгууллаа. Голомтын бүсэд нийт 168 өрхийн 851 хүн, сэжигтэй бүсэд 492 өрхийн 1493 хүн амьдарч байгаа бөгөөд үүнээс нийт 77 хүнд эрүүл мэндийн үзлэг хийсэн байна.

 

 

 

 

ЧЕХ УЛСЫН ЭЛЧИН САЙД ИЙРЖИ БРОДСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
/2-р сарын 20/

 

  Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут Чех Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа. Ноён Ийржи Бродский уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ “Эрдэнэт уулын ордыг анх Чех Улсын хайгуулчид олж нээсэн байдаг. Энэ утгаараа миний бие орон нутаг дахь анхны томилолтоо Эрдэнэт хотоос эхэлж байгаадаа баяртай байна. Энэ онд Чех Улсаас Эрдэнэт хотод эрүүл мэндийн бичил төсөл хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан. Мөн энэ оны 4-р сард Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын 7-р хуралдаан болно. Энэ үеэр Чех Улсаас Монгол Улсад хийж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг болох “FINE EP” компанийн хэрэгжүүлж буй төсөл яригдана гэж бодож байна” гэсэн юм.

 

  Тус улсын “FINE EP” компани хөрөнгө оруулж “Их хаадын цуваа” ХХК-ийн гүйцэтгэж буй “Евро Эко Төгөл” хороолол манай аймагт хэрэгжиж байгаа юм.

 

  Аймгийн Засаг дарга Д.Батлут тус улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Мөн манай аймагт “Евро Эко Төгөл” хороолол төслийг хэрэгжүүлж буй “FINE EP” компани гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг онцлон хэлсэн юм. Тодруулбал, Тус компани “Евро Эко Төгөл” хороолол төслийн хүрээнд Цагаанчулуут багийн иргэдтэй тохиролцсоны үндсэн дээр тодорхой тооны айлуудыг орон сууцанд оруулах, нийгмийн салбарын барилгууд буюу сургууль, цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулсан байх ёстой. Энэ үүргээ биелүүлэх хэрэгтэй байгааг хэллээ.
 

 

 ОРХОН АЙМАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
/2-р сарын 21/

 

  Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагууд Энэтхэг улсын Фортис Хоспиталс групптэй хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Фортис Хоспиталс групп нь Ази тив дэх эмнэлгийн хамгийн том сүлжээ байгууллага бөгөөд нийтдээ 61 салбар эмнэлгийг эгнээндээ нэгтгээд байгаа юм. Үүний 54 нь Энэтхэгт, үлдсэн нь бусад улс оронд байрладаг. Эдгээр эмнэлгүүд нь бүх төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд элэг, зүрх, бөөр, уушиг, нойр булчирхай зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өндөр түвшинд хийдэг аж.

 

  Ийнхүү талууд санамж бичигт гарын үсэг зурснаар үндсэн 3 чиглэлд хамтран ажиллахаар болж байна. Тухайлбал, Орхон аймагт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг Энэтхэг Улсад ажиллуулах, тус улсын өндөр мэргэжлийн эмч нарыг орон нутагтаа ажиллуулах, Монгол Улсад эмчлэгдэхгүй өвчтөнүүдийг Энэтхэгт эмчлүүлэх боломжоор хангах юм.

 

 

ОРХОН АЙМАГТ ЖИЛД ХОЁРООС ДООШГҮЙ ҮЙЛДВЭР БИЙ БОЛНО
/2-р сарын 22/

 

   Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай, Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай, Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай, Намын бүлгийн талаарх мэдээлэл гэсэн 4 асуудлыг хэлэлцлээ.

 

  Хуралдааны эхэнд “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг хэлэлцсэн.

 

  “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөр нь 9 бүлэгтэй. 2018-2021 оны хооронд хэрэгжүүлэх бөгөөд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү болон санхүүгийн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлэх, тэдний нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, жижиг, дунд үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилготой.

 

  Хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгаа, мэдээллийн санг бий болгох, Өрхийн  үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгийн  хүртээмж, үр ашгийг жил бүр нэмэгдүүлэх, Бизнес инкубацийн үйлчилгээг үзүүлж, нөхөрлөл, хоршоо, бүлгийн зохион байгуулалтад орж тогтвортой үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих зэрэг ажлууд хийгдэнэ. Үүний үр дүнд аймгийн хэмжээнд үйлдвэрлэл технологийн цогцолбор бий болж жилд  2-оос доошгүй үйлдвэрийг бий болгоно. Түүнээс гадна үйлдвэрлэл эрхлэгчид олгогдож байгаа хөнгөлөлттэй зээл, тусламж өсч, зээлийн хүртээмжийн талаарх  сэтгэл ханамж болон хамрагдагсдын одоогийн түвшингээс 10-20 хувь  нэмэгдэнэ гэж тооцож байна.

 

 

 Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.