Аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаан хуралдлаа

2018-02-23 00:00 Уншсан тоо: 449
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаан өнөөдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 23-ний өдөр Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит X хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн. 
      Хуралдаанаар:
 1.“Эрдэнэт-Үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлах тухай
 2.Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай
 3. Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай
 4. Намын бүлгийн талаарх мэдээлэл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

     “Эрдэнэт-Үйлдвэрлэл” дэд хөтөлбөр нь аймгийн жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрны тоог нэмэгдүүлэн өрхийн бодит орлогыг өсгөх зорилготой юм.  Хөтөлбөр 2018-2021 он хүртэл хэрэгжих ба энэ хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, технологийн чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн судалгаа хийгдэж 4-6 үйлдвэр шинээр бий болно. Үүнтэй уялдан аймгийн брэнд бүтээгдэхүүний тоо 2 дахин нэмэгдэж, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид болон ажлын байрны тоо өснө. Мөн Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөрийн хүрээнд аймагт савхин эдлэлийн болон хог боловсруулах үйлдвэр байгуулагдана хэмээн аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал танилцуулсан юм. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар асуулт асууж, санал хэлсэнээр жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих “Эрдэнэт-Үйлдвэрлэл” дэд хөтөлбөр батлагдсан юм.

   Аймгийн хэмжээнд 24 мянган тээврийн хэрэгсэл байгаа ба орон нутгийн тээврийн хөгжил, иргэдийн хэрэгцээг хангахад чиглэсэн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай асуудлыг хэлэлцээд бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хамт батлах эрхийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд шилжүүлэхээр тогтоолоо.
   Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Батхишиг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 03 дугаартай албан тоотоор Ардчилсан намын гишүүнээс татгалзсан тухайгаа аймгийн ИТХ-д мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдаанд Орхон аймгийн Ардчилсан нам аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намын бүлэггүй болсон талаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва мэдэгдсэн юм.


    Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга Б.Дашравдан өөрийн хүсэлтээр тус хороон даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасаны дагуу чөлөөлж, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Чинзориг нийт Төлөөлөгчдийн саналаар БОХААХ-ын хорооны даргаар томилогдлоо.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.