Угийн бичиг хөтлөх болзолт уралдааныг дүгнэлээ

2018-02-13 00:00 Уншсан тоо: 367
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Монголчууд эртнээс уг удмаа мэдэж, үр хойчдоо өвлүүлэн ирсэн сайхан уламжлалтай. Энэ ёс дэг тасарсан үе саяхан мэт боловч цөөн атлаа олноос дутахгүй хүчтэй, оюунлаг үндэстний бууран доройтох өнөөгийн нэг шалтгаан болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Удмын бахархалгүйгээс ухамсрын доройтол нүүрлэж, төрөл саднаа мэдэхгүйгээс цус ойртолт генийн түвшинд аюул тарьж байгаа. Иймээс угийн бичгийг сэргээн хөтлөх, уг удмаа мэдэх, мэдүүлэх ажлыг орон даяар эхлүүлэх ажил зүй ёсоор үгүйглэгдэж байсан.

   Гэр бүлийн боловсрол олгох ажлын хүрээнд Орхон аймгийн ГБХЗХГ, “Дэлхийн зөн” ОУБ-гаас хамтран угийн бичгийн журмыг сурталчлах, угийн бичиг хөтөлдөг айл өрхийн тоог нэмэгдүүлэх, монгол удмын сангаа цэвэр ариун байлгах, өсвөр залуу үеийнхэнд удам судар, ураг төрлөө мэддэг болгох зорилготойгоор угийн бичгийн болзолт уралдааныг 6 сарын хугацаатай зохион байгуулжээ. Энэ уралдааныг сар шинийн босгон дээр дүгнэж, шилдэгүүдээ шалгаруулсан байна.

   Угийн бичгийн аянд нийт 23 баг, цөөнгүй байгууллага хамрагдснаас “Эгшиглэн” соёлын төв, “Шигтгэмэл” шүдний эмнэлэг, 16-р цэцэрлэгийн хамт олон угийн бичгийг сурталчлах, хөтлөх зураглал хийх ажлуудыг үр дүнтэй хийсэн үнэлгээ авчээ. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас бэлтгэсэн сургагч багш Т.Дуламсүрэн 150 иргэнд, Г.Ганхаш 120 иргэнд, Г.Эрдэнэтуяа 250 иргэнд, Р.Мөнхжаргал 100 иргэнд, Ж.Мөнхтуяа 80 иргэнд тус тус сургалт зохион байгуулж, бусад сургагч багш нараа манлайлсан байна. Багуудаас Пүрэвжаргал даргатай Булаг баг, Наранжав даргатай Баянцагаан баг, Гансүх даргатай Уурхайчин баг, Даваажав даргатай Говил баг, Отгонжаргал даргатай Зэст багууд ургийн бичиг хөтлөлтөөрөө тэргүүлсэн үзүүлэлттэй гарч, шагналаа гарджээ.

   Энэ аяны дүнд угийн бичиг хөтөлдөг айл, өрхүүдийн тоо Орхон аймагт 4 дахин нэмэгдсэн эерэг тоон үзүүлэлт гарсан байна.

         

          О.ӨНӨРЖАРГАЛ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.