Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

2018-02-10 00:00 Уншсан тоо: 560
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн 20.00 цагт Орхон аймагт хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсав. Үүний дараа Ерөнхийлөгч аймгийн иргэдтэй “Уурхайчин” соёлын ордонд уулзаж, ярилцлаа. Уулзалтыг нээж Төрийн тэргүүн “Орхон аймгийн иргэд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй хийж байгаа уулзалтын талаар та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. Иргэд санаа бодлоо янз бүрээр илэрхийлж байгаа. Иргэдээ түлхүү сонсож байгаа учраас эхлээд та бүхний санаа бодлыг сонсож ярилъя” гэлээ.

 

  Уулзалтад Орхон аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгч, Төлөөлөгчид болон аймгийн Засаг дарга, Ардчилсан намын дарга, гишүүд, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн нар оролцсон юм. Энэ үеэр иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар үйлдвэрийн удирдлагуудаас тодорхой тайлбар хүслээ. Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Үйлдвэрийн үйл ажиллагааны талаар асууж байна. “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд улс орныхоо эдийн засагт, ард иргэдийнхээ амьдрал ахуйд ямар хэмжээний нэмэр болсныг та бүхэн мэдэж байгаа байх. Одоо ашиглаж байгаа үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн 50-70 хувийг нь солих шаардлагатай болсон. Гэсэн ч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Энэ утгаараа үйлдвэрийг хэвийн, жигд, үр ашигтай ажиллуулах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа юм шүү. 51 хувь нь төрийнх. 49 хувь нь улсынх. Өнөөдөр үүнээс болоод үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 51 болон 49 хувийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Засгийн газрын түвшинд шийдэх байх. Одоо ажиллаж байгаа 6000 гаруй хүнийг 51, 49 гэж хуваах аргагүй” гэлээ.

    Иргэд “Эрдэнэт” үйлдвэрээс гадна төрийн албаны халаа, сэлгээ, тэтгэврийн нас, хэмжээ, ажилгүйдэл, гүйцэтгэх засаглал, шүүх, УИХ-ын үйл ажиллагаа, оффшор дансыг цэгцлэх, "Зэс эрдэнийн хувь" ХК-ийн асуудал, тусламж хүсэх зэрэг олон асуудлаар өөрсдийн санал бодлоо Төрийн тэргүүнд уламжлан, асуулт асууцгааж байсан юм. Иргэдийн дундаас Урт булаг багийн иргэн Жавзмаа “Би С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял сонссон Содномдаржаагийн ээж байна. Хэрэг гарах үед миний хүү дөнгөж 21 настай байсан. Балчир хүүхэд яаж тийм хэрэг хийх билээ. Миний хүүг хилс хэргээр шоронд хийсэн. Монголын ард түмэн, ялангуяа Эрдэнэтийн ард түмэн С.Зоригийн хэргийг чих тавин сонсож байна. Би таниас шүүхийн байгууллагыг өөрчлөөд өгөөч гэж хүсмээр байна. Тагнуул, шүүх, прокурор үгсэн хуйвалдаж энэ хэргийг гэмгүй хүнд тохсон. Би энэ асуудлаар 90 удаа эрх баригчдад захиадал бичсэн. Надад хариу ирдэг ч юу ч өөрчлөгдөхгүй байна. Хууль зүйн сайд хүртэл ямар нэг зүйл хийж чадахгүй байна. Та энэ асуудлыг сайн тунгааж үзнэ үү” гэж хүсэж байсан нь нилээн онцлог асуудал байлаа.

   Мөн "Зэс эрдэнийн хувь" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгээс компанийн үйл ажиллагааг илчилж, хувьцаа эзэмшигч иргэдийн эрх хохирч байгааг Ерөнхийлөгчид уламжлах үеэр танхимын дийлэнх суудлыг эзэлсэн Ардчилсан намын гишүүд эсэргүүцэн шуугиан тарьж байв.

   Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй хийсэн уулзалт оройн 23 цагт өндөрлөж урлагийн тоглолтоор үргэлжилж дууссан. Өнөөдөр Ерөнхийлөгч "Шинжлэх ухаан технологийн парк" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот, үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаад Хөвсгөл аймагруу мордлоо.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.