“Завхан бренд” үзэсгэлэн худалдаа болж байна

2018-01-27 00:00 Уншсан тоо: 447
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Орхон Завхан аймгийн хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн жилийн 9 сард байгуулж олон ажил хийхээр төлөвлөж байсан билээ. Тэгвэл өнөөдөр уг гэрээнд тусгагдсан ажил болох Завхан нутгийн бренд бүтээгдэхүүнүүдийг Орхон аймагт сурталчилах зорилгоор “Уурхайчин соёлын ордонд “Завхан бренд” үзэсгэлэн худалдааг албан ёсоор нээлээ. Нээлтэнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар оролцож баярын мэндчилгээ дэвшүүлсэн.

   Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан аймаг нь хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагруу шилжих зорилт тавьж иргэд аж ахуйн нэгжээ дэмжин ажиллаж байна. Аймгийнхаа нэрийн бүтээгдэхүүнүүдийг та бүхэнд танилцуулахаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирлээ. Хоёр аймгийн хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж байгаад маш их баяртай байна” гэсэн юм.

   Завхан аймгийн Засаг дарга болон ЗДТГ, ХАҮТ, худалдаа эрхлэгчидийн 40 хүний бүрэлдэхүүнтэй баг Орхон аймагт 01 дүгээр сарын 26-29 өдрүүдэд ажиллах юм байна. Энэ хугацаанд Орхон аймгийн ЗДТГ, “Завханы хүүхдүүд” нутгийн зөвлөлтэй хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулахын зэрэгцээ үзэсгэлэнг сонирхогчдын дунд “Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шүлгийн уралдаан”, шатрын тэмцээн, “Морин хуур хэр сайн тоглох вэ” зэрэг уралдаануудыг явуулж шалгарагсдыг шагнаж урамшуулахын зэрэгцээ Завхан нутгаас төрсөн соёлын алдартан, авъяастнууд урлагийн тоглолтуудыг сонирхуулж байлаа.

   Үзэсгэлэнд Завхан аймгийн 15 сум оролцож нэрийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьжээ. Тэр дундаас Отгонтэнгэр уулын арц, утлага, ховор эмийн ургамлууд нутгийн брэнд жимс жимсэн бүтээгдэхүүнүүд, эсгий, арьсан урлал, модон хийцүүд худалдан авагчдын таашаалд илүү нийцэж борлуулалт өндөртэй байгаа юм байна.

    Ч. Наран

 

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.