Шүлхий тээвэрлэж ирсэн өвснөөс дэгджээ

2018-01-22 00:00 Уншсан тоо: 386
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Энэ жил Орхон аймагт зудын гамшиг түгшүүрийн харанга дэлдэж байна. Өнгөрсөн зун гандуу зуншиж, мал олигтой тарга тэвээрэг авч чадаагүйн дээр ийнхүү цас зузаарч зуд болсон нь малчдын байдлыг эрс хүндрүүлээд байгаа. Иймээс орон нутгийн удирдлагын зүгээс боломжтой бүхий л арга хэмжээг авч, зам давааг цэвэрлэж, малчиддаа хүрэх гарц гаргах, өвс тэжээл тээвэрлэн хүргэх, малчдад туслах сайн дурын аянг өргөжүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

    Энэ хүрээнд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулан 11 баг гаргаж, 9 чиглэлд малчдаа эргэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Малчдыг эргэх багт хүний эмч, малын эмч, удирдах албан тушаалтан явахаас гадна нийгмийн даатгалын ажилтны бүрэлдэхүүн орох аж. Ингэснээр малчдад хэрэгтэй тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэж ажиллах боломжтой болно. Орхон аймгийн эргэн тойронд буюу Булган, Сэлэнгэ аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдээд байгаа нь малчдын болоод хөдөө аж ахуйн салбарынхны хувьд бас нэгэн хүндрэлийг үүсгэжээ.

    Сар шинийн баяр ойртож байгаа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын ид үе ирж байгаа нь гоц халдварт өвчний цар хүрээг нэмэгдүүлэх, дэгдэлтийг гааруулах нэг нөхцөл болж магадгүй байна. Одоогоор 5 аймгийн 9 газарт шүлхий өвчин голомт гараад байгаа бөгөөд шүлхийн дэгдэлт Дорнод аймгаас тээвэрлэн авчирсан өвснөөс эхтэй болохыг холбогдох газрууд нь тогтоогоод байгаа аж.

           Н.ӨНӨР

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.