Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ

2018-01-18 00:00 Уншсан тоо: 600
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг 6 дахь жилдээ гарган танилцууллаа. Нийгэм, эдийн засгийн байдал, хүн амын эрүүл мэнд, дундаж наслалт зэрэг 181 үзүүлэлтээр гаргасан энэхүү өрсөлдөх чадварын судалгааг 13.5 хувийн өсөлтөөр Орхон аймаг тэргүүлсэн байна.  Дорнод аймаг энэ жил оноогоо 6-гаар ахиулж, өрсөлдөх чадвараа өмнөх оныхоосоо хамгийн өндөр хувиар сайжруулсан аймаг болсон бол Сүхбаатар аймаг өрсөлдөх чадвараараа сүүлджээ. Орхон аймгийн хувьд 2017 онд дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ өсгөснөөрөө нийслэл хотын дараа орсон нь уг аймгийн амжилтыг зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрээр хардаг байсан ойлголтод тодорхой хэмжээгээр өөрчлөлт хийх эхний нөхцлийг бүрдүүлсэн гэж ойлгож болохоор байна.

   Уул уурхайн олборлолтоороо толгой цохидог Өмнөговь аймгийн үзүүлэлт энэ онд буурч гарсан нь аймгуудын өрсөлдөх чадварт уул уурхай, томоохон үйлдвэрээс илүүтэй орон нутгийн үйл ажиллагааны менежмент чухал болохыг харууллаа. Өрсөлдөх чадварын үзүүлэлтэд хүн амын эрүүл мэнд, дундаж наслалт, дотоодын үйлдвэрлэл, ундны усны чанар, боловсрол олголтын хувь гээд тухайн орон нутгийн голлох хүчин зүйлийг харгалзан үздэг юм байна.

        Н.СҮЛД

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.