“Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” зөвлөгөөн боллоо

2017-11-03 00:00 Уншсан тоо: 30
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн ИТХ, Орхон аймгийн ЗДТГ-аас 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” зөвлөгөөнийг зохион явууллаа. Зөвлөгөөнд 1996-2000 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Х.Лувсаншарав, Засаг даргаар ажиллаж байсан Д.Чагнаадорж, 2000-2004 онд Аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ш.Ганбат, 2000-2004 онд аймгийн Засаг дарга, 2008-2012 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан К.Даулетбай, 1994-2016 онд Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Цэгмэд зэрэг Нутгийн удирдлагын байгууллагын үе үеийн удирдлага болон аймаг сумын Тэргүүлэгч, Төлөөлөгч, багийн Засаг дарга нар оролцсон юм.

   “Нутгийн удирдлагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” зөвлөгөөнийг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж үг хэлсэнээр эхлэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут баяр хүргэж үг хэлсэн юм. Зөвлөгөөнд “Аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, баримтлах бодлого” сэдвээр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Аймгийн нутгийн захиргааны байгууллагын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага” сэдвээр аймгийн Засаг дарга Д.Батлут, “Орхон аймгийн НӨУБ-ын чадавхи, сайн туршлага”-аас Үндэсний сургагч багш С.Цэгмэд, “Хурлын байгууллагын тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, гүйцэтгэлийн үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдвээр Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, “Нутгийн удирдлагын байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдвээр Аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат нар илтгэл тавьж, нутгийн удирдлагын байгууллагын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

  Мөн Монгол улсад Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан байгууллага, хувь хүмүүст Орхон аймгийн ИТХ-ын байгууллагын болон аймгийн Засаг даргын шагнал гардуулсан ба Орхон аймгийн ИТХ-ын “Цагаан арслан цом”-оор аймгийн Онцгой байдлын газар шагнагдлаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.