БАЯН-ӨНДӨР УУЛЫГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД ШИНЭЧЛЭН АВЛАА

2017-05-26 00:00 Уншсан тоо: 148
Үнэлгээ өгөх
(0 санал)

   Аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар хуралдаанаар Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Баян-Өндөр уул нь нийтдээ 3200 га талбайтай. Үүний 1702 га нь манай аймгийн Баян-Өндөр суманд, үлдсэн нь Булган аймгийн Бугат суманд харьяалагддаг. Тухайн уулыг анх 1998 онд Орхон аймаг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Ингэхдээ бүхэлд нь буюу Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрийг Орхон аймаг орон нутгийн хамгаалалтдаа авсан байжээ. Мөн байгаль орчны болоод тусгай хамгаалалттай газар нутаг, ашигт малтмалын ордуудын мэдээллийн сан шинэчлэгдсэн зэрэг нь Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах шалтгаан болсон талаар БОАЖГ-ын мэргэжилтэн ярьлаа. Ингэхдээ Баян-Өндөр уулын тусгай хамгаалалттай холбоотой мөрдөгддөг хоёр журмыг нэгтгэх шаардлагатай гэж үзжээ. Баян-Өндөр уулыг хамгаалах ажлыг дөрвөн нөхөрлөл хариуцдаг. Мөн бетонон багана, төмөр тор бүхий хамгаалалтын хашаа татсан байна. Дээрх нөхөрлөлүүд нь булгийн эхийг хамгаалах, тодорхой талбайг ойжуулах зэрэг олон ажлыг гүйцэтгэдэг. Мөн хоёр нөхөрлөл нь хамгаалдаг газар нутагтаа амралт, сувилал ажиллуулдаг байна.

  Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид БОАЖГ-аас танилцуулсан Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах асуудлыг дэмжсэн. Мөн хамгаалалтыг хариуцдаг нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тэргүүтэй хэд хэдэн саналыг илэрхийлж хариуцсан албан тушаалтан, байгууллагуудад үүрэг, чиглэл өгсөн юм. Дашрамд дурдахад, 1998 онд хийсэн судалгаагаар Баян-Өндөр ууланд шувууны 24 зүйл, хөхтөн амьтны 21 зүйл, шавьжийн 132 зүйл амьдарч байжээ. 2014 онд дахин судалгаа хийхэд хөхтөн амьтад болоод шавьжийн зүйлийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна. Өнөөдрийн байдлаар тухайн ууланд 46 овгийн 78 төрөлд хамаарах 147 зүйлийн ургамал ургадаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.