СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2017-05-26 00:00 Уншсан тоо: 128
Үнэлгээ өгөх
(0 санал)

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаан яг одоо болж байна. Уг хуралдаанаар Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах, Баян-Өндөр уулыг орон нутгийн хамгаалалтад шинэчлэн авах тухай, 2016 оны улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үр дүн, Орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын санхүүгийн аудитын нэгдсэн дүнгийн тухай, Аймгийн 2016 оны төсвийн гүйцэтгэл, 2017 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийн тухай гэсэн 4 асуудал хэлэлцэх юм. Үүнээс аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг шинэчлэн батлах төслийг АЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Ганзориг танилцууллаа.

 Аймгийн ИТХ-ын 2-р сарын 17-ны өдрийн ээлжит 5-р хуралдаанаар уг журмыг баталсан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэм хэмжээ тогтоосон шийдвэр буюу батлагдсан журмыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хянуулж, улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр хүргүүлсний дагуу тус яамнаас холбогдох дүгнэлтийг ирүүлсэн байна. Иймд журмын зарим заалтуудад өөрчлөлт оруулж ийнхүү шинэчлэн батлуулахаар, төслийг ИТХ-ын төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн төслийг боловсруулахдаа 2-р сард батлагдсан “Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-д 7 багц өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтүүдийг ИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэн баталсан юм. Дээрх журам батлагдсанаар долоо хоног бүрийн мягмар гараг, сар бүрийн 15-нд аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа, худалдах түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэр хүчингүй болж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх үүднээс гаргаж буй шийдвэр юм. Мөн шөнийн 00:00 цагаас хойш энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх эсэхийг Засаг дарга шийдэх эрхтэй болж байна. Хэрэв 00:00 цагаас хойш энэ төрлийн үйлчилгээг зөвшөөрвөл ажиллах аж ахуйн нэгжийн тоо нь сонгон шалгаруулалт явуулснаар тодорхой болох юм.

     Ийнхүү шинэчлэгдсэн журам нь Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.