ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ А.ТҮВШИНЖАРГАЛ ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2018-06-29 00:00 Уншсан тоо: 3671
Үнэлгээ өгөх
(0 санал)

Бурханы шашны Гэлүгвийн ёсны гурван тэргүүн ламын нэг болох Жанзэ Цорж Госог ринбүүчи нь Монголд өмнө нь хэд хэдэн удаа айлчилж байсан билээ. Тэгвэл энэ удаа 6-р сарын эхээр Монголынхоо сүсэгтэн олонтой уулзаж, бурханы номын сургааль талбихаар хүрэлцэн ирээд байгаа.
    Тэрбээр Төвдийн Литан хотын ойролцоо орших Молха тосгонд 1948 онд мэндэлжээ. Түүнийг дөрвөн настай байхад нь Госог ринбүүчийн хойд дүр хэмээн 14-р далай Ламын багш Тагдаг Ринбүүчи тодруулжээ.
     Госог Ринбүүчи 1959 онд Төвдөөс Энэтхэг рүү морилж, Энэтхэгийн Маясур хотын ойр орших Сэра хийдийн цогцолборыг бүтээн босгох ажилд оролцож, тэндээ сурч боловсрон 36 насандаа Гэвш Лхаарамбын зэрэг хамгаалсан юм. Далай Ламын айлдвараар 1988 онд Тарнийн ёсны Жүмэ дацангийн Хамба ламаар залагдсанаар дацангийн түүхэн дэх хамгийн агуу хамба болжээ.
     Госог ринбүүчи бурханы шашныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсийн хүрээнд Энэтхэг, Непаль, Тайвань, Франц, АНУ, Монгол, Япон, Канад, Төвд зэрэг олон улс орнуудаар морилж, шавь нартаа номын айлдвар сургаалийг байнга айлддаг. Госог ринбүүчи айлдвартаа үргэлж бусдыг асрахуй сэтгэл нь дэлхий ертөнцөд урт удаан хугацааны амар амгалан, аз жаргалыг авчирдаг болохуйн ач холбогдлыг онцгойлон айлддаг.
    Энэ удаа Монголд айлчлах хугацаандаа Эрдэнэт хотын Бурхан багшийн сэрэг дүр дэх Жалданжанчүвлин хийдийн урилгаар манай аймагт хүрэлцэн ирж өнөөдөр өглөө 9 цагаас Бурхан багшийн сэрэг дүр цогцолборт Жинсрэг өргөх ёслол үйлдсэн юм. 
     Энэхүү үйлийн гол агуулга нь галын тэнгэрийг тахиж, аж амьдрал, ажил үйлсээ даатгах нэгэн төрлийн тахилын зан үйл аж. “Жинсрэг цутгах” хурлын үеэр бурхан шашны зан үйлийн дагуу тусгай бэлдэж асаасан галд 13 зүйлийн эд зүйл, тариа будааг номын ёсны дагуу өргөж Идам сахиус, галын тэнгэрийг тахьдаг. Эдгээр 13 эд зүйл нь өөр өөрийн онцлогтой бөгөөд тус тусын эрдмүүдийг зан үйлд оролцсон сүсэгтэн олонд хүргэдэг байна.
    Жанзэ Цорж Госог ринбүүчи нь манай аймагт айлчлан ирэх хугацаандаа Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалтай уулзалт хийлээ.
 

Мэдээллийн төв

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.