“Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон талт хамтын ажиллагаа” уулзалт хэлэлцүүлэг боллоо

2018-05-03 00:00 Уншсан тоо: 840
Үнэлгээ өгөх
(0 санал)

  Аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон талт хамтын ажиллагаа” уулзалт хэлэлцүүлэгийг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, БСУГ, Эрүүл мэндийн газар хамтран зохион явууллаа.  
   Тус уулзалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Л.Отгонцэцэг болон бусад холбогдох мэргэжилтнүүд илтгэл танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба өнгөрөгч онд улсын хэмжээнд 871 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 57,7 хувь нь Улаанбаатар хотод, 42,3 хувь нь орон нутагт үйлддэгдсэн ба 86,8 хувь нь гэртээ, 13,2 хувь нь бусад газарт үйлдэгджээ. 
   Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 12.2.4  буюу хамтарсан багийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, хяналт тавин чиглэл өгөх үүрэгтэйгээр ажиллаж байна. Тус зохицуулах зөвлөл нь аймгийн Цагдаагийн газартай хамтран иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, орон сууц, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах зорилгоор “Камержуулалт” болзолт уралдааныг зарлан 2017 оны 12 дугаар сарын 25-нд дүгнэсэн ба 39 камер шинээр суурьлагдсан үр дүн гарсан.  
   Мөн сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд ач холбогдол бүхий “Сургуулийн цагдаа” эргүүлийн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар аймгийн Засаг даргад чиглэл өгч төсвийн тодотголд тусгуулан тус ажлыг зохион байгуулах боломж бүрдэн ажиллаж байна.  
   Цаашид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэн, орон нутгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар уулзалт хэлэлцүүлэгийн үеэр яригдсан юм.    

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tungalag.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.